Хөдөө аж ахуйн их сургууль

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Сангийн сайд, БСШУЯ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, ХААИС-ийн номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Журмын зорилго нь ХААИС-ийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахал оршино.

1.3. Энэхүү журмыг ХААИС-ийн Төв болон бүрэлдэхүүн салбар сургуулийн номын сангууд номын сангийн үйлчилгээнд мөрдөж ажиллана.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ
2.1. ХАА-н төв номын сан нь ХААИС-ийн сургуулийн профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, оюутнууд тухайн сургуулийн ажилчин, албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдэд үйлчилнэ. Гадны уншигч нарт номын сангийн эрхлэгч болон тухайн сургуулийн номын сангийн ахлах номын санчийн зөвшөөрлөөр үйлчилнэ.

2.2. Номын сан нь ном, сурах бичиг, лавлах материал, цахим мэдээллийн сан, сонин сэтгүүл болон бусад материалыг уншлагын танхимаар болон гэрээр олгож үйлчилнэ.

2.3. Номын сан өндөр хурдны болон утасгүй интернэтээр үйлчилнэ. Мөн уншлагын танхимуудад оюутнуудын курсын ажил, бие даалтанд зориулан үнэ төлбөргүй компьютер ашиглуулах ба төлбөртэй хэвлэх, хувилах үйлчилгээ үзүүлнэ.

2.4. Номын санд байхгүй ном хэвлэлийг ХААИС-ийн багш, ажилтан, докторант, магистрант нарт эрэлт хүсэлтийн дагуу бусад номын сангаас ном солилцооны журмаар захиалан авч уншлагын танхимд ашиглуулж болно.

2.5. Номын сангийн ажилтан нь лавлах материал, ном зүйн бүртгэл, интенрэт болон электрон каталоги, цахим мэдээллийн сан ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл өгч үйлчилнэ.

2.6. Номын сан нь уншигчдад номын сангийн үйл ажиллагаа, номзүйн лавлагаа мэдээлэл, онлайн мэдээллийн сангуудын танилцуулга болон сургалт сурталчилгаа явуулна.

2.7. Уншигчид номын цаасан болон электрон каталогийг ашиглана. Электрон каталогийг http://www.msua.edu.mn/ болон http://library.msua.edu.mn/ хаягаар орж ашиглана.

2.8. Уншигч нь номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.

2.9. Уншигчдынхаа шинэчилсэн бүртгэлийг жил бүр явуулж байна. Номын сангийн дахин бүртгэл буюу хугацааны сунгалт хийгдээгүй уншигчид номын сан үйлчлэхгүй.
2.10. Уншигч нь хичээлийн жилээр номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн, оюутны үйлчилгээний картаа гээсэн тохиолдолд тойрох хуудас зуруулна.

Гурав. Ном, сурах бичиг, цахим мэдээллийн сан, сургалтын материал ашиглах талаар

3.1. Эрдэм шинжилгээний бүтээл, энэ төрлийн ном зохиолыг профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, ахлах курсийн оюутанд 5 боть, бусад уншигчдад 3 боть номыг 3-5 хоногийн хугацаатай гэрээр олгож үйлчилнэ.

3.2. Гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан хугацааг тогтооно.
• Олон хувьтай ном товхимолыг 3-7 хоногийн хугацаатай олгоно.
• Амралтын өдрүүд нь гэрээр ном олгосон хугацаанд тооцогдоно.
• Фондын ховор болон цөөн хувьтай номыг уншлагын танхимаар, буюу 1-2 хоногоор гэрээр олгоно.
3.3. Уншигч уншлагын танхимд нэг удаад 1-4 ширхэг номыг 1-4 цаг хүртэл хугацаагаар авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж, дараагийн захиалгыг өгнө.

3.4. Зохих хэмжээний ном хэвлэлийг буцааж тушаатал нэмж ном олгохгүй. Ном ашиглах хугацааг номын санч, уншигч хоёр албан ёсоор тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно. Сунгах хугацаа 10 хүртэл хоног байна.

3.5. Уншигч нь уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж авна.
3.6. Эчнээ ангийн оюутанд хичээллэж буй хугацаанд нь 1-2 хоногоор гэрээр ном, хэвлэл олгож үйлчилнэ. Хичээл хаагдсан тохиолдолд тойрох хуудас зуруулж номын сантай тооцоо хийсэн байна.
3.7. Номын санд уншигч, үйлчлүүлэгчээс төлж байгаа аливаа мөнгөн төлбөр, торгуульд 2% тасалбар бичигдэх ба уншигч, үйлчлүүлэгч нь тасалбар дээр гарын үсэг зурж, нэг хувийг заавал шаардаж авна.
Дөрөв. Чөлөөт сонголттой уншлагын танхимын үйлчилгээ

4.1. Номын сангийн уншигчийн бүртгэл нь хүчинтэй байна.

4.2. Уншигч чөлөөт сонголтын уншлагын танхимаар үйлчлүүлэхээр орохдоо уншигчийн үнэмлэхээ хяналтын номын санчид үзүүлж, суудлын дугаар авч уншлагын танхимд нэвтэрнэ.

4.3. Жижүүрт уншигчийн үнэмлэхээ шалгуулан, гадуур хувцас, малгай, овор ихтэй зүйлийг өлгүүрт өгч, цүнх, тор, ноүтбүүкны цүнх, хөгжмийн хэрэгсэл зэрэг зүйлсээ чөлөөт сонголттой уншлагын танхимын үүдэнд байрлуулсан шүүгээнд хийж түлхүүрийг нь биедээ авч дотогш орно.
4.4. Уншлагын танхимаас гарахдаа шүүгээнээс эд зүйлсээ авч түлхүүрийг хяналтын номын санчид үлдээнэ.
4.5. Шүүгээний түлхүүрийг хаяж үрэгдүүлсэн бол үүнтэй холбоотой гарах зардлыг уншигч бүрэн хариуцна.
4.6. Үйлчлүүлэгч хэрэгцээтэй номоо чөлөөт сонголтын тавиур дээрээс сонгож авахдаа тавиурын хажуу талд бичиж наасан ангиллын заалтын дагуу сонгож авна.

4.7. Чөлөөт сонголттой уншлагын танхимд 1 удаад 5 хүртэлх ном, бусад материалыг авч хэрэглэх бөгөөд авч хэрэглэсэн номоо уншлагын танхимд байрлуулсан тусгай ширээн дээр орхиж гарна.

4.8. 1-2 хувьтай, эрэлт хэрэгцээ ихтэй номыг 1-2 цаг хүртэл хугацаагаар уншлагын танхимаар ашиглуулна.
4.9. Диссертаци, магистрийн ажил, CD-book, Э-номыг зөвхөн уншлагын танхимд уншуулна.

4.10. Уншлагын танхимын ном хэвлэл, бусад материалыг уншлагын танхимаас авч гарахгүй байх, хэрэгцээтэй зүйлсээ уншлагын танхимд ажиллаж байгаа хувилагчаар олшруулж авна.
4.11. Уншигч уншлагын танхимын ном, материалыг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авна. Нэг удаад 10 аас илүүгүй хуудас материалыг хувилж авна.
4.12. Уншихаар авч байгаа ном, бусад материалын бүрэн бүтэн байдлыг шалгаж авах ба ямар нэг гэмтэлтэй байвал тэр даруйд номын санчид үзүүлэн, зохих тэмдэглэл хийлгэнэ.

4.13. Номын сан хаахаас 30 минутын өмнө гаднаас уншигч оруулахгүй ба уншлагын танхимд байгаа уншигчдыг гарахыг анхааруулна.

4.14. Уншигчийн ширээн дээр сануулга бичиг байрлуулах ба тавьсан шаардлагыг биелүүлээгүй уншигчийг номын сангаас гаргаж үйлчилгээний эрхийг түдгэлзүүлнэ.

Тав. Уншигчдад хориглох зүйлс

5.1. Ном материалын формуляр, зураасан код, ялгах тэмдэг, соронзон ялтас зэргийг гэмтээх, солих, дээр нь тэмдэглэгээ хийх,

5.2. Уншиж ашиглахаар авсан ном хэвлэл, бусад материалыг гэмтээх, хуудсыг урах, зүсэж авах, доогуур нь зурах, хуудсыг нь нугалах, гэрэлтүүлэн хуулах,

5.3. Диссертаци, магистрийн ажил, Э-ном, CD номыг хуулах, олшруулж авах, гадагш авч гарах,

5.4. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, чимээ шуугиан гаргах, утсаар ярих, суудлын дугаар сольж суух, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, ширээнд бохь нааж бохирдуулах,

5.5. Уншлагын танхимд хүнсний зүйл авч орж идэх, хог хаях

5.6. Номын сангийн байранд дураараа зарлал, реклам, сурталчилгааны материал байрлуулах, худалдаа хийх, уншлагын танхимын эд хогшлыг зөөх,

5.7. Хувийн ном хэвлэл, хэвлэмэл материал, хавтас, хуулбарлах цаас, зүсэгч хэрэгсэл авч орох,
5.8. Номыг санаатайгаар тухайн ангийн тавиураас өөр ангийн тавиурт нууж байрлуулах, хайлтын компьютерийг зориулалтын бусаар ашиглах, уншигчийн үнэмлэхээ бусдад дамжуулах
5.9. Номын сангийн ном бусад материалыг урж гэмтээсэн, зөвшөөрөлгүйгээр дохиоллын хаалганаас гадагш авч гарах, гарахыг завдаж дохиолол дуугаргах,
5.10. Номын сангийн байранд нийгмийн дэг журмыг зөрчих, албан үүргээ гүйцэтгэж байгаа номын сангийн ажилтныг доромжлох, тамхи татах, унтах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргах,
Зургаа. Уншигчийн хүлээх хариуцлага
Энэхүү үйлчилгээний дүрмийг зөрчвөл номын сангийн захиргаа дараах хариуцлагыг хүлээлгэнэ.
6.1. Хэрэв уншигч нь гэрээр авч ашигласан номоо хоног хэтрүүлэн авчирсан тохиолдолд номын сангийн журмын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 1000 төгрөгийн торгууль ногдуулна.
6.2. Номын сангийн уншлагын танхим, гэрээр авсан ном хэвлэлээ алдаж үрэгдүүлсэн, урж гэмтээсэн тохиолдолд ижил номыг нь ажлын 10 өдөрт багтаан авчирч тооцоог дуусгана. Номыг ижлээр нь төлж чадаагүй тохиолдолд БСШУЯ-ны яамнаас гаргасан журмыг баримтлан хохирлыг барагдуулна.
6.3. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгүй буюу алдаж үрэгдүүлбэл номын санчид мэдэгдэх ба үрэгдүүлсэн номын төлбөрийг сарын дотор барагдуулаагүй бол уншигчийн үйлчилгээний эрхийг хаана.
6.4. Номын сангийн ном бусад материалыг урж гэмтээсэн, зөвшөөрөлгүйгээр дохиоллын хаалганаас гадагш авч гарсан тохиолдолд үйлчилгээний эрхийг 1 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтын албанд мэдэгдэж, зохих хариуцлага тооцно.

6.5. Номын сангийн үйлчилгээний дүрэм зөрчин хувийн номтой орсон уншигчид 2000 төгрөгийн торгууль ногдуулна.

Долоо. Номын сангийн цагийн хуваарь

7.1. Номын сангийн ажиллах цагийн хуваар нь хичээлийн жил, улирлаар баталгаажсан байна.

Найм. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх
8.1. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.
8.2. ХААИС-ийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно.
Ес. Ном хэвлэлийг дахин үнэлэх
9.1. Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтална.
Арав. Номын сангийн төлбөрт үйлчилгээ
10.1. ХААИС-ийн Төв болон бүрэлдэхүүн, салбар сургуулиудын номын сангуудын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, үйлчилгээний дэг журмыг хэвшүүлэх зорилгоор номын сангийн төлбөрт үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
10.2. Номын сан нь дор дурдсан төлбөрт үйлчилгээг явуулна. Үүнд:
10.2.1. ХААИС-ийн нийт профессор багш, ажилтан нарт номын сангийн гэрээр ном олгох фонд, багш нарын эрдэм шинжилгээний уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлэхдээ ажлын газрын үнэмлэхийг үндэслэн уншигчийн картыг 500 төгрөгөөр нээж үйлчилнэ.
10.2.2. Номын сангийн уншлагын танхимуудад ном, хэвлэлийг хувилан олшруулах үйлчилгээг явуулна. Нэг нүүрийг 30 төгрөгөөр тооцно.
10.2.3. Үрэгдүүлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.

10.3. Номын сангийн уншигчийн карт нээх, хувилан олшруулах үйлчилгээ, номын хугацаа хэтрүүлсэн торгуулийн төлбөрийг тухайн нэгж дээр ажиллаж буй номын санч уншигчтай тооцоо хийж баримт олгоно.

10.4. Тухайн нэгжийг хариуцан ажиллаж буй номын санч нь төлбөрт үйлчилгээний орлогыг сар бүрийн эцэст номын сангийн төлбөрт үйлчилгээ хариуцсан номын санчид тушааж баримт авна.

10.5. Номын сангийн төлбөрт үйлчилгээ хариуцсан номын санч нь хуримтлагдсан мөнгөний зарцуулалтын тайланг гаргаж номын сангийн эрхлэгчид танилцуулж байна.

10.6. Номын сангийн хувилан олшруулах үйлчилгээний орлогыг хувилах машин, тоног төхөөрөмжийн засвар, хор, цаас гэх мэт төлбөрт үйлчилгээг цаашид үргэлжлүүлэн явуулахад шаардлагатай зардалд зориулна.

10.7. Номын сангийн уншигчийн карт нээх, номын хугацаа хэтрүүлсэн болон бусад төлбөрт үйлчилгээний орлогыг дор дурдсан зүйлүүдэд зарцуулна. Үүнд:

10.7.1. Номын санд эрэлт хэрэгцээ ихтэй, олдоц багатай, дахин хэвлэгдэх боломжгүй ном, сурах бичгийг хямд үнээр багш, оюутнуудын гар дээрээс худалдан авах
10.7.2. Номын сангаас сар бүр эрхлэн гаргадаг “Шинэ номын мэдээ, мэдээлэл”-ийг хэвлэн гаргах зардалд
10.7.3. Элэгдэж хуучирсан ном, сурах бичиг, гарын авлагыг өөрсдийн хүчээр сэлбэн засварлах зардалд тус тус зарцуулна.

10.8. Төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтыг номын сангийн эрхлэгч хянан зарцуулж, Сургалт эрхэлсэн проректор, ерөнхий санхүүч нарт тайлагнана.

 

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn