Хөдөө аж ахуйн их сургууль

Эрдэмтэн судлаачид ХАА-н төв номын санд бүтээлээ бэлэглэв

    Монгол, Японы судлаачид, эрдэмтдийн бэлчээрийн чиглэлээр хийсэн олон талт, хамтарсан судалгааны үр дүнгийн нэг болох "Монгол орны бэлчээрийн экосистем" хэмээх ном хэвлэгдэн гарлаа.

        Япон Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Технологийн Яамны "Уур амьсгалын өөрчлөлтийн хуурай бүсэд үзүүлэх нөлөө: Үнэлгээ, ба дасан зохицол" төслийн санхүүжилтээр хэвлэгдсэн энэхүү номын нээлт 2018 оны 4-р сарын 3-ны өдөр ХААИС дээр болж дээжээс нь номын санд бэлэглэв.

         Энэхүү номонд Монгол орны бэлчээрийн экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүд болох газрын гадаргын хэлбэр, геоморфологийн мужууд, уур амьсгал, ургамалжил, зэрлэг амьтад, шувуу, бэлчээрийн экосистемд нөлөө үзүүлдэг зарим мэрэгч амьтад, шавьж болон таван хошуу мал, өндөр уул уулын ойт хээр, хээр, цөлийн хээр, цөлд зонхилох бэлчээрийн экосистем, түүний ашиг тус, бэлчээрийн ашиглалтын хөгжлийн түүх, бэлчээрийн хөрс, ургамалжлын доройтол, сэргэлт, сэргээх аргын талаар бичжээ. Мөн уур амьсгалын үзүүлэлт, амьтад, малын тархалт, экологийн зохистой нутгийн хэвшинжийг анх удаа ургамалжлын бүсчлэлийн зураг дээр зурагласны дээр монгол орны бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тоон зурагт тулгуурлан бэлчээрийн тархацын зургийг хийсэн нь бэлчээрийн тогтвортой мал аж ахуй эрхлэхэд төдийгүй монгол орны экосистемийг танин мэдэх ач холбогдолтой болсон байна. Түүнчлэн бэлчээрийн экосистем тус бүрийн хөрс, ургамалжил, зонхилох ургамал, ашиглах арга, тэжээлийн ач холбогдлын талаар тусгайлан оруулсан байна.

        "Монголын бэлчээрийн экосистем" бүтээл нь их, дээд сургуулийн оюутан, залуу судлаачид, дунд сургуулийн багш нар, байгаль орчны мэргэжилтэн, газрын даамал, бэлчээрийн мэргэжилтэн, байгальд болон бэлчээрт элэгтэй нийт уншигчдад зориулагджээ.

         Монгол орны бэлчээрийн экосистемийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой энэ бүтээлийг туурвиж олны хүртээл болгосон эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn